Хөөрхийс.........
Цоггүй. Унтарсан, унтаа харцтай бүсгүй
Цаанаа л нэг жихүүцсэн, бас яарсан зөрөх нь
Эрт урьдын зүүд шиг, эрх биш нэгийг сануулан
"Эхнэр" бэлзгээ хальт харуулан одлоо
Тийм байна. Тэр мөн байна.Яг мөн
Тэртээх түүхийн нугачаанд хамт бүдэрсэн
Тэвэр багадсан шөнийг анх амсуулсан
"Тэдний" охин тэр л дүрээрээ яг мөн байна
Зайлуул. Намайг явахад тэр хүлээнэ гэж амлаж байсан
Завхарсан юм бодохийн гэж би шоглож суусан
Замаа бодоорой гэж гарахдаа би шивнэж үлдээсэн
"Зам"-аа алдсан гэж найзууд араас "захидал" чулуудсан
Эцэг нь намайг хүлээж цөхөхдөө хорвоог орхиж
Эхнэртэй болсон гэж би худал үг хүмүүст цацаж
Эндсэн дээр нь элгийг нь "цөмлөж" түүнийг түлхэж
Эр биеээ авч үлдэн нүгэлээ өөртөө "хадгалсан"
Түүний өмнө би нүгэлээ наминчлаагүй
Түүх сөхөж тэр намайг зовоогоогүй
Түргэн орчлон өнгөө хэдэнтэй хувиргаж
Түүчээ тогоруу он жилүүд шиг бид бүхнийг мартсан
Сүүлд дуулахад "хүний хүн" болоод нутаг сэлгэж
Сүүдэрт амьдралд нухлуулж яваа дуулдсан
Сүнстэй хүртэл харддаг хар хүн дагасан гэсэн
Сүрэгтээ гологдсон гөрөөс шиг сажилж яваа нь энэ байж хөөрхийс.......